УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийнхөө цахим хуудсанд дараах мэдээллийг байршуулжээ.
Тэрээр “БНСУ-ын аялал жуулчлалын гол бүс нутаг Чежү арлын Иргэдийн хурал, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Түүх, соёлыг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид манай улсад айлчилж буй юм.
Чежү мужийн Өөрийгөө удирдах тусгай зөвлөлийн гишүүн, Чежүгийн хөдөө аж ахуйн олон улсын солилцоо, хөгжлийн форумын дарга Кан Сонг-Кюн тэргүүтэй төлөөлөгчдийнн багийн гишүүдийг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Тус улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан гэдгээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг төдийгүй түүх, соёл уламжлалын арван баялаг өвийг хадгалж, хөдөө аж ахуйн чиглэлээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн олонтой нутаг. Тэр ч утгаараа тус бүс нутагт ажиллах хүчний шаардлага байнга гарч байдаг бөгөөд ялангуяа улирлын чанартай ажиллах хүч авах сонирхол их байдгийг төлөөлөгчид ярьж байсан.
Чежү мужийн Иргэдийн хурал нь шийдвэр гаргах түвшний байгууллагуудтайгаа нягт хамтран бизнесийн салбарын үйл ажиллагааг дэмжих бодлогыг дэвшүүлж ажилладаг.
Тус муж Өвөрхангай аймагтай бүхий л салбарт нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа бөгөөд хамтын ажиллагааны эхний алхмууд хийгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт улирлын чанартай ажиллах хүчнийг Өвөрхангай аймгаас авах чиглэлд хамтрах хүсэлтэй байгаагаа хэлсэн” гэжээ.