Нийслэлийн түгжрэлийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа учраас зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж 1.8 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.
Энэ талаар Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос тодрууллаа. Тэрээр “Улсын төсөвт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийслэлийн төсөвт өөрчлөлт орсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудыг дэмжсэн зээл тусламжийн томоохон төслүүд явж байгаа. Мөн шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр гээд мега төслүүд бий. Томоохон төслүүдийн хүрээнд тендер зарлахад олон улсын оролцогчдод шаардлагатай мэдээлэл, судалгаанууд зайлшгүй байх ёстой. Туулын эрэг дагуу 33.4 км шинэ тойрог замыг эхний ээлжинд ашиглалтад оруулах гэж байгаа.
Энд Улаанбаатараас Баян-Өлгий орох дайны далангийн материал шаардлагатай.
Тэгэхээр бид инженер, геологийн судалгаа хийж өгөх ёстой. Мөн байр зүйн дэвсгэр зураг, байгаль орчны урьдчилсан нөлөөллийг тооцох ёстой. Энэ судалгаануудыг хийлгүүлж байгаа. Мөн зорчилтыг тооцох аргачлалыг нарийвчилсан шинэ программ авах юм. Тодруулбал, явган хүн, унадаг дугуй, тээврийн хэрэгсэл цаашлаад Их тойруу доторх иргэд, оффис, орон сууцны иргэдийн зорчилтыг тооцох программыг үүгээр авна” гэв.