НАТО-гийн гишүүн Турк, Грек улсуудын дунд үргэлжилж буй зөрчил маргаан улам хурцдаж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган хэлэхдээ Грек улсыг Эгейн тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудыг эзэлсэнд буруутгаад Турк улс хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг анхааруулсан юм.
“Өнгөрсөн түүхээс харцгаа. Хэрвээ тэд цааш ахивал төлөх төлбөр нь улам нэмэгдэх болно” гэж хэлсэн Эрдоган “нэг шөнийн дотор” шаардлагатай арга хэмжээг авч чадахаа амлажээ.
Мягмар гарагт Босни-Герцеговин улсын нийслэл Сараевод айлчлах үеэрээ тэр энэ үгээ дахин баталсан юм.
Өмнө нь хэлсэн үгийн талаар сэтгүүлчид асуухад Эрдоган “Би зүүд, мөрөөдлөө яриагүй. Цаг нь болоход бид нэг шөнийн дотор дайрч чадна” гэжээ.
Грек улсын засгийн газар Эрдоганы сүрдүүлэгт харамсал илэрхийлээд Даваа гарагт НАТО, Европын Холбоо, НҮБ-д энэ асуудлаар захидал илгээсэн байна.
Грекийн гадаад хэргийн сайд Никос Дендиас захидалдаа Туркийн ерөнхийлөгчийн мэдэгдэлд анхаарлаа хандуулахыг дээрх гурван байгууллагын удирдлагуудад уриалжээ.
Хэрвээ Турк улс Грекийг сүрдүүлсээр байвал Европ тивд бас нэг дайн дэгдэх эрдэлтэйг тэр анхааруулсан байна.
“Уг асуудлыг ноцтой авч хэлэлцэлгүй удах тусам манай тивийн өөр нэг хэсэгт үүссэн шиг нөхцөл байдал давтагдах эрсдэл улам нэмэгдэж байна. Бидний хэн нь ч ийм зүйл болохыг хүсэхгүй байгаа” гэж тэр захидалдаа бичжээ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргт хаягласан захидалдаа Грекийн гадаад хэргийн сайд “Туркийн энэ хандлага нь НАТО-гийн эв нэгдлийг тогтворгүй болгож, болзошгүй хямралын үед эвслийн өмнөд жигүүрийг сулруулах аюултай юм” гэж бичсэн байна.
Хоёул НАТО-гийн ижил тэгш эрхтэй гишүүд боловч Турк, Грек улсууд түүхийнхээ туршид маргаан зөрчилтэй явж ирсэн байдаг. Тэдний хооронд Эгейн тэнгисийн арлуудыг тойрсон газар нутгийн маргаанаас гадна далай тэнгисийн хилийн шугамын маргаан үргэлжилсээр байдаг юм.
Эх сурвалж: Associated Press