Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийн бичлэг цахим орчинд түгж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Энэ явдал хэзээ болсон талаар болон жолоочид ямар хариуцлага тооцсон тухай Нийтийн Тээврийн Газар(НТГ)-ын Хяналт шалгалтын хэлтсээс тодруулахад “Энэ явдал тавдугаар сарын 5-нд болсон. Зам тээврийн осол гэж үзэн, Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцсон” гэлээ.
Мөн дээрх тохиолдлын талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирүүлсэн” хэмээв.