Ийм баян улс
хямрана гэж юу байхав дээ, зүгээр л тоглож байгаа юм гэсэн хэлц үг гарчихсан
байна. Та нар олж уншсан уу. Нээрэн Монгол шиг баян улс дэлхийд алга. Ердөө
гурван сая хүнтэй, газар дороо бүх төрлийн баялагтай, 50 сая малтай, өргөн
уудам газар нутагтай.
Гэвч 50 сая малтай
гээд махаа үнэгүй биш харин ч дэлхийд өрсөлдөхүйц өндөр өртгөөр худалдан авч хүнсэндээ
хэрэглэдэг. Газар дороо төрөл бүрийн баялагтай боловч өөрсдөө ашиглахаасаа
илүүтэйгээр автомашины тэвшин дээр ачаад урагш гаргачихдаг. Өргөн уудам газар
нутагтай боловч иргэн бүр нь 0.07 га газар өмчлөх гэж төрийн хүнд сурталд
дарлуулдаг, худалдаж авдаг.
Эндээс \”баян”
гэхээс өөр тодорхойлолт орж ирэхгүй юм. Нэг хэсэг уул уурхайгаас сая сая
долларын ашиг орж ирдэг байв. Тухайн үед улсын төсөв тэрбумаар бус их наядаар
өсч эхэлсэн юм. Гэтэл уул уурхайгаас орж ирдэг орлого тасарч, улсын төсөв нэг их
наяд төгрөгөөр тасрах боллоо. Үүнээс болоод \”хямрал үүсчихлээ” хэмээн
тайлбарлаж байна. Гэвч 183600-н төрийн албан хаагчийг цалинжуулж, төсөл,
хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, дарга нарыг дэлхийн хэмжээнд өнгөтэй өөдтэй
харагдуулахад татвар төлөгчдийн мөнгө хангалттай хүрэлцэж байна ойлгогддог.
Яахав иргэдийн
амьдрал хүнд, худалдан авах чадвар буурсан байна. Гэхдээ энэ нь өөрсдийнх
ачаагүйтэй холбоотой хэмээн манай дээдсүүд айлдаж байгаа. Татвараа төлөөд, өр
зээлээ дарчихаад үлдсэн мөнгөөрөө амьдарч чадахгүй болж тэдний нүдэнд арчаагүй
болж харагдана л даа. Тиймээс болж өгвөл арчаагүй харагдахгүй нь тулд бүсээ
чангалж, өндөг зэрэг тансаг хэрэглээнээс татгалзаж, баян чинээлэг амьдрах ёстой
аж. Цаашид ч бүсээ чангалах ёстой. Хямрал хэзээ дуусна тэр хүртэл чангалсаар л
байх нь.
Гэтэл төр
засгийн хэмжээнд бүс чангалах нь битгий хэл сулласан үр дүн харагдаж эхэллээ.
Иргэдийг болохоор чангал гээд байдаг мөртлөө өөрсдөө тансаг хэрэглээ улам л
нэмэгдсээр байна. Эндээс Монгол Улс эдийн засгийн хямралд өртөөгүй юм байна аа.
Харин иргэдээ л арвич хямгач занд төлөвшүүлж, үрэлгэн байдлыг нь засах арга
хэрэглэж байна уу гэж ойлгогдоод байгаа юм.
Хэрвээ улс орон
үнэхээр хямарчихсан байсан бол жилдээ нэг их наяд төгрөгийн зарлагатай дэд сайд
нараар яах юм. Тэд бол суудал бөглөөд л байж байдаг улс. Тэдэнтэй, тэдэнгүй улс
орны ажил явсаар л байх болно. Гэтэл дараагийн сонгууль хүртэл дэд сайд нараа
үлдээе, иргэдийнхээ бүсийг чангалаад л дэд сайд нараа цалинжуулаад явъя гэсэн
шийдвэр гаргаж байгаа сурагтай. Нөгөө нэг их наяд төгрөгөөр тасраад байгаа
төсөв энэ тэрийг ор тас мартах хэрэгтэй. Энэ бол зүгээр л улс төрчдийн шоу. Яг
үнэндээ манай улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа. Үгүй бол юу гэж
дэлхийн төрийн түшээдийг эх орон урьж, АСЕМ энэ тэр зохион байгуулахаар болох
вэ дээ. Олимпийн наадам зохион байгуулснаас өндөр өртөг гардаг энэ уулзалтыг
эдийн засгийн хямралтай улс зохион байгуулна гэвэл яавч бүтэхгүй асуудал.
Харин манайх
иргэддээ болохоор хямралтай гэж ойлгуулаад л нэг ширхэг нь 200 мянган долларын
үнэтэй автомашиныг 300 мянган еврогоор/700 гаруй сая төгрөг/ худалдан аваад л
АСЕМ-ын зочдод үйлчилж, зангарагдах гэж байна. Нэг автомашин бол яахав бүр 50
ширхэгийг шүү дээ. Үүнээс гадна япон улсаас цоо шинэ автобус, жийп, суудлын
тэрэг зэргээс олныг авахаар болсон байгаа юм. Мөн зөвхөн АСЕМ-д зориулж
пентхаус/дээд зэрэглэл/ хотхон байгуулж байгаа гээд үзэхээр Монгол Улс яавч
хямраагүй гэж ойлгогдож байгаа биз.
Өө тэгээд яам,
агентлагийн дарга нар гадны улс оронд томилолт, айлчлалаар явахдаа таван одтой
зочид буудалд тухалж, Арабын шейхийн эрх ямбыг эдэлдэг бололтой юм. Ингээд цааш нь нуршаад байвал шаардлагагүй маш
их хөрөнгө мөнгө дээгүүр эргэлдэж, гадны бизнесийг дэмжсээр байгаа нь
ажиглагдана. Тэгсэн мөртлөө л эдийн засаг хямарчихлаа, улсын орлого тасарчихлаа
гэж яриад байдаг.
Тэгвэл иргэд нь
яаж түшээд шигээ тансаглаж, хямралыг тоохгүйгээр амьдарч болох вэ. Төрийн өндөр
албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулахад л жилдээ 1.8 тэрбум төгрөг
хэмнэнэ. 30 хувиар бууруулаад нэг их өөрчлөлт орохгүй л дээ. Уналаа уналаа
гэхэд л тэдний цалин сая төгрөгнөөс доош буухгүй. За тэгээд төрийн
байгууллагуудын ширээ, сандал солих ажлыг ганцхан жил зогсоочихвол 4-5 тэрбум
төгрөг хэмнэнэ. Онц шаардлагагүй албан тушаалтнуудыг чөлөөлчихвөл мөн тэрбумаар
нь хэмнэнэ. Чиг үүргийн давхцалтай яам,
агентлагуудыг нэгтгэвэл нөгөө тасраад байгаа их наядаа бүрэн хэмнэх боломжтой
харагдаж байгаа юм.
Үүний дараагаас
\”Саус гоби Сэндс” компанийн Гүйцэтгэх захирал асан Жастин Каплагаас 35.2 тэрбум
төгрөгийн татвар, \”Оюу толгой” компаниас 100 сая долларын татвар, \”Экскюлив”
компанийн н.Майцэцэгээс 100 гаруй сая төгрөгийн татвар гэгчлэнгээр орлогоо
цуглуулж болох нь. Олон тэрбумаар нь мөнгө, төсөв хөрөнгө идсэн хүмүүсээс нөхөн
төлбөрийг нь хүүтэй нь авах хэрэгтэй. Оюутнууд өмнө нь болж байсан. Цаашид ч
тэтгэлэг авахгүйгээр сурч боловсроод байж болно. Сайхан харагдах гээд хичээгээд
яахав. Тэд өгсөн мөнгөөр чинь баар л санхүүжүүлдэг.
Энэ мэтчилэнгээриргэдийн бүсийг чангалуулалгүйгээр төсвийн алдагдлаа зогсоож, орлого олж эхлэх
боломж маш их байх юм. Гэвч иргэдээ л хумсалсаар байдаг. Бүсээ чангалсан ч улс
орныг өдий зэрэгтээ авч яваа иргэд ч гайхамшигтай юм. Дэлхийн хамгийн баян
иргэд Монгол Улсад л байна даа.
А.Аюуш