Тээврийн Цагдаагийн Албанаас энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулан, долоон машинд учирсан хохирлын хэмжээг мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Иргэнд М-д холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албаны мөрдөн шалгах хэлтсээс долоон тээврийн хэрэгсэл, насанд хүрээгүй, хохирогч С нарын хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Энэ талаар өчигдөр мэдээлсэн.
Өнөөдөр шинээр мэдээлэл өгөхөд шинжээчийн эхний дүгнэлт бидэнд ирсэн. Тодруулбал иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүллэхээр ажиллаж байна” гэв.