Украины эзлэгдсэн Херсон мужийн төв Херсон хотоос яаралтай дүрвэж явахыг Оросоос томилогдсон орон нутгийн удирдлага өчигдөр бүх оршин суугчдад тушаажээ.
Ойрын өдрүүдэд Украины армийн томоохон сөрөг довтолгоо эхлэх гэж буй тул иргэдийг завиар Днепр мөрнийг гаталж, эзлэгдсэн нутгийн гүн рүү яаралтай нүүх зааврыг тэд Телеграм хуудсаараа өгсөн байна.
Баасан гарагт Украины арми Херсон муж дахь Оросын цэргийн байрлалууд руу агаарын цохилт өгөхдөө Днепр мөрнийг гатлах гол хангамжийн замуудыг онилсон байна.
Сүүлийн өдрүүдэд Оросын тал 2,000 орчим шинээр дайчлагдсан цэргийг Херсон руу татсан нь хохирлоо нөхөж, хүчээ зузаатгах зорилготой гэж Украины батлан хамгаалах яам мэдээлжээ.
Херсон муж бол дайтагч талуудын хувьд маш өндөр ач холбогдолтой байрлал юм.
Днепр мөрөн нь Украины өмнөд бүс нутаг болон Крымийн хойгийн гол усан зам, ундны усны эх үүсвэр, эрчим хүчний хангамж болдог.
Оросоос томилогдсон орон нутгийн эрх баригчид эхэндээ өөрийн засаг захиргааны бүх албан тушаалтнууд болон 60,000 орчим оршин суугчийг Херсон хотоос нүүлгэх төлөвлөгөө зарлаж байв.
Харин өчигдрийн байдлаар 25,000 орчим иргэн Днепр мөрнийг гатлаад байгааг мужийн захирагч Владимир Сальдо мэдээлжээ.
Иргэд албадлагаар биш өөрийн хүслээр нүүсэн тухай мужийн дэд захирагч Кирилл Стремоусов сошиал хуудсандаа бичсэн байна.
“Хүмүүс амьд үлдэхийн төлөө нүүж байна. Бид хэнийг ч хүчлээгүй” гэж тэр бичжээ.
Харин Украины албаныхан Херсон хотын оршин суугчдад нүүхгүй байхыг уриалж байгаа. Тэднийг Оросын эрх баригчид барьцаалах, галын шугамд халхавч болгон ашиглах гэж байгааг анхааруулсан юм.
Бямба гарагт бас Оросын тал Украины нутгийн гүнд агаарын хүчтэй цохилт өгч, эрчим хүчний дэд бүтцүүдэд томоохон гэмтэл учруулжээ.
Өчигдөр Оросын талаас нийт 33 далавчит пуужинг дэд бүтцийн байгууламжууд руу харвасны 18-ыг байндаа хүрэхээс нь өмнө устгасныг Украины батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Энэ халдлагын улмаас Украин даяар 1.4 сая айл өрх гэрэл цахилгаангүй болсныг албаныхан мэдээлжээ. Тухайлбал баруун бүсийн Хмельницкий хот орчимд 672,000 айл өрх, төв бүсийн Черкассы хотод 242,000 орчим өрх цахилгаан хангамжгүй болсон байна.
Эх сурвалж: Associated Press