Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын зүүн хойд Ганвон мужид аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Яньяны олон улсын нисэх буудлыг Филиппин, Индонез, Вьетнам, Монголын бүлэг жуулчдыг 15 хоногийн хугацаанд визгүй нэвтрүүлдэг боомт болгосон билээ. Бүлэг жуулчдын аяллыг тусгай сонгон шалгаруулалтын нөхцөлийг хангасан байгууллагууд зохион байгуулж байгаа.
Тэгвэл энэ шугамаар тус улсад очсон 100 орчим жуулчин сураггүй алга болж, холбоогоо тасалсан тухай Вьетнамын гадаад хэргийн яам энэ долоо хоногийн Мягмар гарагт мэдээлсэн байна.
Эдгээр жуулчдын аяллыг зохион байгуулсан компанийн тусгай эрхийг цуцалжээ.
Сөүл дэх Вьетнамын элчин сайдын яам сураггүй алга болсон жуулчдыг эрэн сурвалжлахад Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Бас цаашдаа дахин ийм үйлдэл гарахаас сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Жуулчдыг тээвэрлэн авчирсан Fly Gangwon агаарын тээврийн компани дээрх асуудлыг шийдэгдэх хүртэл Вьетнам чиглэлийн нислэгээ түр зогсоож байгааг вэб хуудсаараа мэдээлсэн байна.
Тус компани аравдугаар сарын 14-нд Вьетнамын Ханой, Хо Ши Мин чиглэлийн нислэгүүдээ нээснээс хойш 18 хуваарьт нислэг, зургаан тусгай үүргийн нислэг үйлдээд байжээ.
Яньяны визгүй аяллын хөтөлбөр 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсний дараа үр дүнгээс хамааран цааш үргэлжлэх эсэх нь шийдэгдэх юм.
Эх сурвалж: Korea Times