Улаанбаатар хот болон ойролцоох замуудад өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн.
Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл энгийн үеийнхээс 30 хувь нэмэгджээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цас их орсон өдөр буюу Ням гарагт ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 455 дуудлага мэдээлэл ирснээс 345 нь ослын шинжтэй байна. Харин Даваа гарагт 316 дуудлага мэдээлэл ирсний 242 нь ослын шинжтэй байгаа.
Цас орж, халтиргаа гулгаа үүссэн өдрүүдийн дуудлага мэдээллийг хэвийн үетэй харьцуулбал 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан” гэлээ.
“Дөрвөн улирлын дугуй Монголын нөхцөлд тохиромжгүй”
Түүнчлэн тэрбээр “Жолооч зуны дугуйтай байх, эсвэл өвлийн дугуйных нь хээ элэгдэж стандартын шаардлага хангахааргүй болсон зэрэг нийтлэг алдаа харагдаж байна. Мөн урдаа хөтлөгчтэй автомашиндаа урд нь өвлийн, хойд талдаа зуны дугуйтай байх ч тохиолдол бий. Иймд жолооч стандартын шаардлага хангасан өвлийн дугуй хийж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангана уу.
Дөрвөн улирлын дугуйтай гэж байгаа ч энэ нь Монголын нөхцөлд тохиромжгүй, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн үед жолоодлого алдах эрсдэлтэй.
Орон нутгийн замд гарах гэж жолооч нар тээврийн хэрэгсэлдээ өвлийн бэлтгэлийг нь хангаж, замын нөхцөл байдалд тааруулан хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна” хэмээв.