Ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирлыг баян чинээлэг орнууд төлж барагдуулдаг болох түүхэн тохиролцоонд хүрлээ.
Египет улсын Улаан тэнгисийн эргийн амралт сувиллын хот Шарм-Эль-Шэйхэд хоёр долоо хоног орчим үргэлжилсэн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн COP27 дээд чуулга уулзалт өндөрлөхдөө ийм үр дүнд хүрсэн байна.
Хөгжиж буй орнууд дэлхийн хүлэмжийн хийн өсөлтөд бага нөлөө үзүүлдэг ч үер ус, ган гачиг, агаарын хэт халалт, салхи шуурга зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт өртөх явдал улам бүр нэмэгдэж байгаа.
“Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлээс хэнийг ч орхигдуулахгүй байх энэхүү чухал үйл явцад итгэх дэлхий нийтийн итгэлийг сэргээлээ. COP27-ын үеэр байгуулсан энэ тохиролцоо манай гарагийн ялалт юм” гэж хөдөлгөөнийг санаачлагч, Карибын тэнгисийн арал улс Антигуа ба Барбудагийн ерөнхий сайд Молвин Жозеф мэдэгджээ.
Ням гарагийн өглөө чуулганд оролцогч улсууд хөгжингүй орнуудын хандив дээр тогтох “хохирол барагдуулах сан” байгуулахаар тохиролцсон юм.
Энэ сангийн хөрөнгөөр байгалийн гамшигт нэрвэгдсэн хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлнэ.
Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг том арга хэрэгсэл болох хүлэмжийн хийгээ бууруулах илүү хүчтэй амлалтыг дэлхийн улс орнуудаар авхуулж чадалгүй COP27 өндөрлөсөн нь олон хүний сэтгэлийг гонсойлгож байна.
Европын Холбоо болон бусад хөгжингүй орнууд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температураас Цельсийн 1.5 хэмээс илүү өсгөхгүй байх амлалтыг дэлхийн бүх улс орнуудаар авхуулах зорилготой байсан юм.
“Европын Холбоо илүү хүчтэй амлалт авхуулах зорилготой энд ирсэн ч биелүүлж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Бидний өмнө нь тавьсан зорилт бол хүн төрөлхтөн, дэлхий нийтийн хувьд хангалттай урагшлах алхам биш. Энэ нь хүлэмжийн хийн гол эх үүсвэрүүдийн ялгарлыг бууруулах, хурдасгах хангалттай хүчин чармайлт болж чадахгүй байна” гэж Евро Комиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммерман өчигдөр COP27-ын хаалтын хуралдааны үеэр мэдэгджээ.
Европын Холбооны төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулах талаар амлалтаа шинэчлэхгүй бол чуулганыг хаяж явахаар сүрдүүлж байсан юм.
Гэвч уг асуудал түүхэн гэж болох ядуу буурай орнуудын байгалийн гамшгийн хохирлыг барагдуулах сан байгуулах тохиролцооны дуулианд дарагдсан байна.
Гэхдээ Хятад зэрэг хөгжиж буй орны ангилалд багтдаг ч хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч болдог улсуудад дээрх сангаас тусламж үзүүлэхгүй байхаар шийджээ.
Европын Холбоо, АНУ ийм нөхцөлийг тохиролцоонд тусгахаар санаачилсан байна. Хятад тэргүүтэй зарим хөгжиж буй орнууд санхүүгийн чадвартай ч хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах чиглэлд хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгааг тэд шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press