Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол утга зохиолын нэвтэрхий толь” хэмээх гурван боть бүтээлийн нээлт өнөөдөр боллоо.
Монголын аман зохиол, эртний болон орчин үеийн уран зохиол, утга зохиолын онолын ойлголт, монгол утга зохиолын нэр томьёо, дэлхийн уран зохиолд түгээмэл хэрэглэгддэг уран зохиолын нэр томьёо, монгол утга зохиолын нэрт төлөөлөгчид зэрэг өргөн хүрээ, баялаг агуулгатай, нийт 3,300 орчим толгой үг тольд багтсан байна.
Энэхүү толь нь 2017-2019 онд хийгдсэн “Монгол аман болон бичгийн зохиолын түүх, уран сайхны төлөв, хэрэглээ” сэдэвт суурь судалгааны төслийн бодит үр дүн бөгөөд ерөнхий редактораар нь хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Байгалсайхан ажиллажээ.
“Монгол утга зохиолын нэвтэрхий толь” нь эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг 20 орчим хүний хөдөлмөрөөр бүтэж, олны хүртээлд өнөөдрөөс хүрч байна.