С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шоронд үхэх байсан. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Дарангуйлал тогтчихсон байсан. Дарангуйллыг нураах гэж байдгаараа тэмцсэн.
Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй мөртлөө. Гурван шатны шүүх ийм л байсан.
Үүнийг зохион байгуулсан бүх хүнийг зайлуулж байж хүмүүс хөдөлсөн. Над руу хийж буй дайралтууд үүнээс улбаатай. Би хүн хэлмэгдүүлэхийг, дарангуйллыг үзэн яддаг. Монголд дарангуйлал би болчих гээд байсан учир үүнтэй тэмцсэн. Би чинь баахан Ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой” гэлээ.