80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчдийн хэргийн материалыг уншиж, танилцуулж байгаа юм.
Тодруулбал, яллагдагч Б.Шинэбаатар нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий хүмүүстэй бүлэглэн, албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.
Энэ талаар прокурор “Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх ажлыг гүйцэтгэсэн.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто зам, “Энержи ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авах, үнийг тогтоох зорилготой Ажлын хэсэг байгуулсан. Улмаар бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авсан.
2014 оны хоёрдугаар сард Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын зөвшөөрснөөр 70.5 тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн тоот данс руу шилжүүлж, “Энержи ресурс”, “Говийн зам” компаниас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авсан.
Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулж, “Говийн зам”, “Энержи ресурс” компанид зөрүү 36.4 тэрбум төгрөгийн буюу эдийн засгийн давуу байдал бий болгосон.Энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон” гэв.