Улсын ерөнхий прокурорын газар (УПЕГ)-аас энэ оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө.
ПРОКУРОРЫН ШААРДЛАГЫН МӨРӨӨР ЗӨРЧИЛ ГАРГАСАН 155 АЛБАН ТУШААЛТАНД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөх байгууллагуудад нийт 81 шаардлага бичиж, түүний мөрөөр зөрчил гаргасан 155 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.
ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛСАН НИЙТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ХУЛГАЙЛАХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА
Прокуророос 2023 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал
- Хулгайлах гэмт хэрэг 13,751 буюу 29.7 хувь;
- Залилах гэмт хэрэг 12,759 буюу 28 хувь;
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4,372 буюу 9.5 хувь;
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1,635 буюу 3.5 хувь;
- Мал хулгайлах гэмт хэрэг 1,515 буюу 3.3 хувь;
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 829 буюу 1.8 хувьтай байна.
МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ 17 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХОЛБОГДЖЭЭ
Прокурор 2023 оны эхний хагас жилд бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 276 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөнгө угаах гэмт хэрэгт 17 төрийн албан хаагчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үүний дотор улс төрд нөлөө бүхий этгээд 1 байна.
Мөнгө угаах гэмт хэргийн
- 47.2 хувь нь Авлига,
- 31.8 хувь нь Хулгайлах,
- 5.4 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх,
- 4.5 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН 76.4 ХУВИЙГ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ БОЛОН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛСАН ГЭМТ ХЭРЭГ ЭЗЭЛЖ БАЙНА
Прокурор 2023 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1,247 хэрэгт хяналт тавьж, 146 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн бөгөөд 65.1 хувь нь Нийслэлд, 34.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.
Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.
Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.