Олон нийтийн цахим сүлжээгээр “Бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэсэн утга бүхий илт худал мэдээлэл цацагдсан.
Иймд Соёлын яам дараах мэдэгдлийг гаргажээ:
Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжигдсэн.
Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийн 12.3-т “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ” гэж заасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авах боломжийг бий болгоно.
Иймд та бүхэн илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна гэжээ.