2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны эхний хагас жилд 1,547.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2,391.5 тэрбум төгрөгөөр буурч, төлөвлөсөн дүнгээс 1,492.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төсвийн орлогын хувьд: Энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 10,581.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 2.5 тэрбум төгрөгөөр илүү биелсэн бол өмнөх оны мөн үеэс 3,233.4 тэрбум төгрөг буюу 44.0 хувиар нэмэгдсэн байна.
Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 100.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 2.5 тэрбум төгрөгөөр илүү биелсэн нь татварын орлого 0.5 хувь буюу 48.7 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс илүү биелсэнтэй холбоотой байна.
Тайлант хугацаанд орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад төрлийн татварын орлого 4.4-12.3 хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн гүйцэтгэлтэй гарчээ.
Татварын бус орлогын төлөвлөгөө 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 46.3 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 94.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь хувьцааны ногдол ашиг, торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого, тусламжийн орлого болон түрээсийн орлогоос бусад төрлийн татварын бус орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна.
Төсвийн нийт зарлагын хувьд: Нэгдсэн төсвийн нийт зарлага 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 9,033.8 тэрбум төгрөгт хүрч 1,490.0 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 85.8 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 14.2 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буюу 841.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 98.2 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 129.3 тэрбум төгрөгийн буюу 20.1 хувиар дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 99.9 хувийн гүйцэтгэлтэй гарч 623.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 84.2 сая төгрөг зарцуулагдаж 100.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.