Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг түгжрэлийг бууруулахын тулд үр дүнтэй ажил хийхгүй байна хэмээн олон нийт шүүмжилдэг.
Тэгвэл тэрбээр дараах тайлбарыг өглөө.
“Юуны духанд хүрэлгүй шүүмжлээд байхаар ажил нь саатдаг. Заримд нь ч далим болдог. Намайг шийдчихвэл түгжрэл буурах юм шиг ярьдаг. МУ-ын Ерөнхий сайдад асуудлыг тавих ёстой. Би ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Чадлаараа ажиллаж байгаа. Ерөнхий сайд миний ажлыг үнэлдэг, дүгнэдэг. Хэрвээ муу ажиллаад болохгүй байна гэвэл шүүмжлэл өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл бодлого чинь буруу байна хэмээн нэг ч хэлээгүй. Харин ч бодлогын сайдтай болсноор илүү тодорхой болсон.
Түгжрэлийн шалтгаан нь юу вэ. Замгүй, сургууль цэцэрлэг, төлөвлөлтгүй хот, замбараагүй зах худалдааны төвүүдийн байршил, нүүлгэлт зэрэг маш төвөгтэй асуудлууд байна. Хүний амьдралын олон хүчин зүйлтэй сүлэлдэж 30 жилийн хугацаанд түгжрэл бий болсон.
Уур уцаараа гаргах, улстөрийн зорилго бол тусдаа асуудал. Сар бүр түгжрэлээр үр дүн ярих нь ажил биш. Улаанбаатар хот хэзээ цэгцэндээ орно тэр цагт зөв замдаа орно” хэмээв.