Өчигдөр Азербайжаны арми салан тусгаарлагдсан Уулын Карабахын нутаг дэвсгэрт “терроризмын эсрэг ажиллагаа”-г эхлүүлсэн. Үүнээс 24 цагийн дараа тус улсын Ерөнхийлөгч Карабах дахь Азербайжаны удирдлагыг сэргээсэн хэмээн мэдэгджээ.
Уулын Карабахын нутаг дэвсгэр нь олон улсад Азербайжаны мэдэлд байдаг ч 120 мянга орчим Армени үндэстэн тэнд оршин суудаг. Азербайжаны зэвсэгт хүчин тус нутаг дэвсгэр дэх удирдлагаа бүрэн сэргээж, Арменийн цэргүүдийг гаргах зорилготой “терроризмын эсрэг ажиллагаа”-г эхлүүлсэн.
Харин ажиллагаа эхэлснээс нэг өдрийн дараа Азербайжаны арми уг ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдсэн. Тодруулбал Арменийн цэргүүдтэй зөвшилцөлд хүрснээр тэд бууж өгч, зэвсгээ хураалган, Карабахын нутаг дэвсгэрээс гарсан гэв.
Уг хэрэгт Арменийн иргэд Ерөнхий сайд Никол Пашиняныг “Уулын Карабахын нутаг дэвсгэр дэх Армени угсаатнуудыг хамгаалж чадаагүй” хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулаад байна.
Уулын Карабахын нутаг дэвсгэрт оршин суудаг 120 мянга орчим Армени иргэнийг сонгуульд оролцох, боловсрол эзэмших, лалын шашинтай Азербайжанд христийн шашнаа чөлөөтэй шүтэх боломжтойг Азербайжаны Ерөнхийлөгч Илхамт Алиев хэлжээ.
Эх сурвалж: Aljazeera