Өрнөдийн холбоотнуудын хүсэлтийн дагуу Казахстан улс цэрэг дайны зорилгоор ашиглагдах боломжтой бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохоо зогсоожээ.
Дроны эд ангиуд, электроникийн бараанууд, гадаадад үйлдвэрлэсэн компьютерын хагас дамжуулагчид зэрэг нийт 106 нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг хориглосон тухай Казахстаны худалдааны дэд сайд Кайрат Торебаев өчигдөр танилцуулсан байна.
Украины дайнд зэвсгийн зориулалтаар ашиглагдаж буй эд барааг ОХУ-д өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан нэвтрүүлж буй Казахстан болон Төв Азийн бусад улсуудыг АНУ болон Европын Холбооны эрх баригчид шүүмжилж байсан юм.
Үүний улмаас Европын Холбоо дайны зориулалтаар ашиглаж болох бараа материалыг ОХУ руу реэкспортолсон орнуудтай хариуцлага тооцох талаар арга хэмжээ авч эхэлсэн.
Өнгөрсөн сарын сүүлээр Берлин хотод Германы канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээг зөрчихөд нь ОХУ-д туслахгүйгээ амлаж байв.
ОХУ-тай 7,500 км урт шугамаар хил залгадаг, эдийн засаг, аюулгүй байдлын хувьд хойд хөршөөсөө гүнзгий хамааралтай Казахстан улс ийнхүү Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдэж байна.
Эх сурвалж: Radio Free Europe