Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн тухай хэлсэн үгэндээ “нийтийн тээврийг цогцоор нь шийднэ” гэж онцолсон байдаг. Үүний дагуу нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй буюу сонгон шалгаруулалтгүй, ил тод бус байдлаар зарцуулсан байна.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг худалдан авалтыг шалгаруулалтгүй хийсэн нь үндэслэлтэй эсэх, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд зүй бусаар нөлөөлсөн эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд өнөөдрийг хүртэл шалгахгүй, чимээгүй байсаар байна. Иймд, уг асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын журмаар шалгах нь зүйтэй.
Уг “ногоон автобус”-ны хэрэг Үндэсний аюулгүй байдалд хамааралгүй, тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасанчлан сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авах ажиллагаа хийх үндэслэлгүй тухай бид “Автобус яаж Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг тайлбарлуулъя!” гэх нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ улсын төсвөөс 318 тэрбум төгрөг зарцуулан худалдан авалт хийхдээ нээлттэй сонгон шалгаруулалтгүй, ил тод бус байдлаар хийсэн байна. Иймд, дараах үндэслэлээр энэ худалдан авалтад оролцсон төрийн байгууллагууд болон албан тушаалтнуудыг оролцуулан УИХ-ын холбогдох байнгын хороо эсхүл дэд хорооноос Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт, шалгалт явуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
- Уг 318 тэрбум төгрөгийн худалдан авалтыг ил тод бус байдлаар, сонгон шалгаруулалтгүй явуулсан шалтгаанаа Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн “тус асуудал нь Үндэсний аюулгүй байдалд хамааралтай” гэх утгатай зөвлөмжийг үндэслэн ийнхүү явуулсан гэж тайлбарладаг.
Гэсэн ч нэгдүгээрт, Тагнуулын ерөнхий газар нь ийнхүү худалдан авалтад шууд оролцох (өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөр дамжуулалгүйгээр шууд оролцох) нь хуульд нийцэж буй эсэх дээр үндэслэл бүхий эргэлзээ иргэдэд төрүүлж байна. Иймд, тус худалдан авалтыг ҮАБ-д хамааралтай гэж сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн нь үндэслэлтэй эсэхийг УИХ-ын хяналт шалгалтаар тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байна.
- Маш өндөр дүнтэй буюу 318 тэрбум төгрөгийн дүнтэй худалдан авалтыг ил тод бус байдлаар явуулахад нийслэлийн засаг дарга (Д.Сумъяабазар), Тагнуулын ерөнхий газрын дарга (П.Одонбаатар), Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга (Ж.Сүхбаатар) нар тус тус оролцсон нь илэрхий байна.
Гэтэл, хэрэг хянан шалгах байгууллага буюу цагдаагийн байгууллагаас одоогоор зөвхөн Тэнүүн-Огоо ХХК болон нийлүүлэгч гадаад улсын төлөөлөгчдийг саатуулан шалгаж байна гэсэн мэдээллийг иргэдэд өгсөн. Өөрөөр хэлбэл, холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудыг хянаж, шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд, эдгээр албан тушаалтнуудын оролцоо нь ямар байсан зэргийг УИХ-ын хяналт, шалгалтаар тодруулах, тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.
Энэхүү өргөдөлд 30 хоногийн дотор буюу ирэх сарын 18-ны өдрийн дотор нийт 33,000 хүн гарын үсэг зурснаар уг асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтаар оруулах юм. Иймд иргэд та бүхэн дэмжиж гарын үсгээ зурахыг хүсье.
Өргөдлийн холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=7c573c8d-6e62-4e55-87f8-ec44a350e1a2