Сэрэмжлүүлэг‼️
Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, уулархан газраар шөнөдөө -24-26 градус, нам дор газраар -18-20 градуст хүрнэ!
Бямбаас Ням гаригт шилжих шөнө Хангайн нурууны уулсаар шөнөдөө -28-30 градус, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө -20-24 градуст хүрч эрс хүйтэрнэ!
Ирэх 7 хоногт 7-8-нд буюу Даваагаас Мягмар гаригт шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор эрс хүйтэрч шөнөдөө -24-26 градуст хүрэх төлөвтэй байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Үүнд:
• Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст,
• Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар,
• Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
• Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД:
• Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай.
• Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
• Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
• Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
• Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.