Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Энэ өдөр Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.
Төрийн есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр төв талбайд залж, есөн шарга морьтон Төрийн ордныг нар зөв гороолон, цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.
Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулсан нь бат бэхийг бэлгэддэг байна.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг бөгөөд тугийг дуурайлган үйлдэж хэрэглэхийг хоригложээ.