Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод болж, /2023.11.26/ түрүү бөх тодорлоо.
Башёгийн сүүлийн өдөр хоёр бөхийн хооронд л түрүү яригдсан.
Тодруулбал, озэки Киришима Б.Лхагвасүрэн болон Атамифүжи нар өрсөлдөв. Хэрэв Киришима учраа бөхдөө ялагдаж, Атамифүжи ялвал хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах байсан.
Гэтэл Атамифүжи сэкивакэ Котоноавакад дийлдсэнээр 11 даваа, дөрвөн унаатай болж, түрүүлэх боломжоо алдсан. Харин озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ.
Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн билээ.