Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийг худалдан авах тендер зарласантай холбоотой мэдээлэл өглөө.
Энэ талаар Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тендерт таван ААН санал ирүүлсэн бөгөөд материалыг задлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байдлаар хийсэн. Ирүүлсэн материалуудыг судалж үзээд, Үнэлгээний хорооноос дөрвөн оролцогчийн материал шаардлага хангахгүй гэж үзсэн. Ингээд БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч “Yutong Bus” компанийн 165 тэрбум төгрөгөөр /165,589,920,000₮/ нийт 600 автобус нийлүүлэх саналыг тэнцүүлсэн гэсэн юм.
Уг компаниас нийлүүлэх нийтийн тээврүүдэд нийт 28 багц бүхий шаардлага тавьж байгаагаас дурдвал:
- Энэ онд үйлдвэрлэсэн байх шаардлагатай
- Эргономикийн үзүүлэлтүүд стандарт хангасан байх
- Жолооны хүрд зөв талдаа буюу зүүн талдаа байх
- Сууж явах суудлын тоо 26-30+1, зогсоод явах боломжтой нь 50 буюу нийтдээ 80 хүний багтаамжтай байх
- Урт 10-11 метр өргөн 2.4-2.5 метр байх
- Шатахууны сав 250 литрээс дээш багтаамжтай байх
- Дээд хурд нь 70 км/цаг байх
- Хүйтний улиралд -45 хэм хүртэл хүйтэнд хөлдөхгүй байх
- Дугуйн дээрээ тоормостой байх
- Зорчигчдын хаалга хоёр байх ба гэрэлтүүлэгтэй байх
- Шал халтирч, гулгахаас сэргийлсэн материалаар хийгдсэн байх
- Жолоочийн бүхээг заалнаас тусгаарлагдсан байх
- Зааланд зургаагаас доошгүй халаалтын төхөөрөмж байх
- Зогсоол зарлах чанга яригчтай байх
- Автобусны гурван талд лед дэлгэц байх
- Итгэмжлэлийн батламж 2 жилээс доошгүй байх зэрэг 28 багц шаардлагыг тавьж байгаа юм.