Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх нь олон зууны түүхтэй эртний уламжлал. Гэхдээ орчин үед нохой, муурыг гэр бүлүүд хүүхдээс дутахгүй хайрлаж, өсгөх болсон тул нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох уриалга гарах болсон. Энэ дагуу Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын засаг захиргаанаас нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох хуулийг хэлэлцэж байгаа юм.
Гэвч нохойг хүнсэнд хэрэглэх болон бусад үүлдрийн зориулалтаар өсгөж тэжээдэг фермерүүд, рестораны эзэд уг шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр Хөх ордны гадаа жагсаал хийсэн байна. Жагсаалд 200 орчим фермер оролцож, цагдаа нартай мөргөлджээ.
Жагсагчид нохдыг төмөр торонд хашин ачааны автомашинд тээвэрлэн Хөх ордны өмнөх гудамжид авчирсан байв. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн олон арван нохойг сул тавихыг оролдсон бөгөөд цагдаа нар уг үйлдлийг нь таслан зогсооход зөрчил үүсчээ. Улмаар гурван жагсагчийг баривчилсан байна.
Гэрийн тэжээвэр амьтанд хайртай тэргүүн хатагтай Ким Кён Хи хоригийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлснээр Өмнөд Солонгост нохойн махны эсрэг кампанит ажил шинэ эрч хүчээ авчээ. Тэгвэл өчигдөр жагсаалын үеэр эсэргүүцэгчид Ким Кён Хиг бүдүүлгээр доромжилсон байна.
Харин хууль тогтоогчид Өмнөд Солонгосын олон улсын нэр хүнд, амьтны эрхийн талаарх санаа зовнилоос үүдэн үүнийг хориглохыг уриалж байна. Түүнчлэн АНУ-ын жүжигчин Ким Бэсингер, Францын жүжигчин Брижит Бардо зэрэг дэлхийн алдартнууд хоригийг уриалжээ.
Энэ сарын эхээр засгийн газар болон эрх баригч намын албан тушаалтнууд оны эцэс гэхэд олон зуун жилийн турш үргэлжилсэн практикийг хориглох хууль тогтоомжийг нэвтрүүлэхээр тохиролцсон.
Хууль тогтоогчид нохойн махны эсрэг ижил төстэй хуулийн төслүүдийг өмнө нь өргөн мэдүүлж байсан ч засгийн газар ийм хуулийг дэмжсэн анхны тохиолдол юм.
Засгийн газар болон эрх баригч намаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь нохойн махны үйлдвэрлэлийг 2027 он гэхэд үе шаттайгаар зогсоож, тариаланчдад барилга байгууламжаа татан буулгаж, шинэ бизнес нээхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, мэргэжлийн сургалт болон бусад хөнгөлөлт үзүүлэх юм.
Жил бүр 700 мянгаас нэг сая орчим нохойг хүнсний хэрэгцээнд нь нядалдаг. Энэ нь 10-20 жилийн өмнө хэдэн саяар нь нядалдаг байсантай харьцуулбал эрс буурсан үзүүлэлт юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS