Зүгээр л үхчихэж болохгүй ээ.
Бэлэг, бэлэн байдлын стандарт хоёроо ялгамаар байна ааа. Энэ Шадар сайд С.Амарсайханы барьж яваа уутанд амь амьдрал байгаа юм байна, хагас дутуу ойлгоод, хавсарч гоочлохоо болиод айл бүр анхаарах учиртай шүү.
Хөдөө орон нутгийнханд жишиг байдлаар танилцуулж байгаа бичлэгийг нь харлаа, цаашдаа стандарт болгон хэвшүүлмээр эд байна.
Шуурганд малтайгаа уруудлаа гэж бодъё, зүгээр л осгоод, өлдөөд үхчихэж болохгүй.
Ар гэртээ амь бүтэн очихын тулд гал гаргах чүдэнз, гол залгах илчлэг ихтэй шоколад, цас хунгарлаж нөмөрлөх авсаархан хүрз, эрэл хайгуулынханд өгөх дохио, гар чийдэн…гээд юм юм л байна.
Тэнгэр муудах шинжтэй болонгуут аюулгүй байдлын уутаа аваад, амь сахих бэлтгэлээ стандартын дагуу базаагаад гарсан байхад өөрөө амьд үлдээд, араас хайж байгаа эрлийн багийнханд чимээ өгөөд, амьдралтай золгоно гэсэн үг.
Ер нь манайх шиг цасан шуурга, газар хөдлөлттэй улаан амь, нүцгэн гараараа тулдаг улс цөөн шүү. Зүгээр л салхинд малаа дагаж уруудаад үхчихэж болохгүй. Урьдчилж бэлтгэлээ хангаад, аюулгүй байдлаа стандартын дагуу бэлтгээд, аль болохоор амьд үлдэх гэж хичээн тэмцэх дадалтай болмоор байгаа юм.
Гал асаагч гээд унтардаггүй тостой шахмал эсгий хүртэл үйлдвэрлэдэг болсон байна, алга дарам бичил газын плетка байна.
Шадар сайдын энэ санаачилга, стандарт боловсруулаад, түүнийгээ мөрдүүлэх гэж хичээж яваа байдлыг элэг доог болгохын оронд өөр, өөрийнхөө мэдлэг туршлагаар баяжуулаад, хэрэглэж хэвших хэрэгтэй. Ялангуяа талын нэг тархаж, уулын нэг нүүдэллэдэг, цас шуургатай нүүр тулдаг малчдад маань хэрэгтэй.
Алс замд машиндаа нэг аюулгүй байдлын ууттай байхад ч гэмгүй.
Алсдаа айл болгон үүдэндээ газар хөдлөлтийн үед шүүрээд гардаг аюулгүй байдлын ууттай болохоо бодмоор байна, энэ их хотжилт, шаардлага хангахгүй барилгын дунд амьдарч байгаа бидэнд хэрэгтэй шүү.
Амь сахих, амьдралын төлөө тэмцэх аюулгүй байдлын уутаа С.Амарсайхан бүүр стандарт болгон төрөлжүүлээд, ингээд таниулаад өгөөсэй.
Инээж шоолох нь шоолно л биз, ингэж байгаад хэвшүүлээд авбал хэдэн хүний амь аварна. Одоо ер нь ниргэсэн хойно нь нийгмээрээ халаглаж хашгирахаа болиод, ниргэхээс нь өмнө л бэлтгэлээ базаадаг дадалд суралцах цаг шүү.
ЭМҮЖИН