УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Уг хуульд аль нэгэн салбарт хориглосон заалт байхгүй учир банкны салбарт хөрөнгө оруулалт орж ирж болохоор харагдаж байна. Үүн дээр тайлбар хэлнэ үү. “Хөрөнгө оруулалтын хэлбэр хэмжээ, хөрөнгө оруулалтын газар, бүс нутгийг хараат бусаар сонгох, холбогдох эрхийг бие даан шийдвэр гаргах эрх нь хөрөнгө оруулагчид байна” гэсэн заалтыг тодруулмаар байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж болно, оруулж ч ирмээр байна. Бид цөөн хэдэн банктай, эх үүсвэр багатай, иргэд, ААН-үүд ч зээл авах төвөгтэй, авсан ч өндөр хүүтэй. Харин ч гаднын банк орж ирж өрсөлдөөнийг бий болгосноор зээл авч буй иргэд, ААН-үүдэд ашигтай. Иймээс гаднын банк оруулж ирүүлэх талаар УИХ-д би байнга л хэлсээр ирсэн, одоо хуулийн хүрээнд боломж нь нээгдсэн.
Манайх газрын тухай хуультай, түүнийхээ дагуу асуудал шийдэгдэнэ. Харин хөрөнгө оруулалтын бизнес хийх газраа сонгох эрхийг тухайн бизнес эрхлэгчид нээлттэй байлгаж, эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Ингэснээр ажлын байр бий болно.