“Парис 2024” зуны олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох ганц эрхийн төлөөх тэмцээн Хонконгод энэ сарын 12-14-ий хооронд болно.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны баг өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоход бэлэн болжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ариунболдын Ананд тэргүүтэй эрэгтэй баг Латви, Египет, Шинэ Зеландын хамт “В” хэсэгт багтсан бол эмэгтэй баг Нидерланд, Азербайжан, Чилийн шигшээ багуудтай нэг хэсэгт тоглоно.
Эмэгтэй багийн Азийн АШТ-д оролцсон бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй.
Харин Азийн АШТ-д оролцсон эрэгтэй багаас зөвхөн багийн ахлагч А.Ананд Хонконгийг зорьжээ.
Түүнтэй хамт Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Чулуунбаатарын Ихбаяр нар тоглохоор болов.