Гурван тэрбум гаруй ковидын вакцины тунг үйлдвэрлэсэн АстраЗенека компани цаашид вакцин үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдэв.
Тодруулбал ковидын шинэ хувилбарууд илэрч байгаатай холбоотойгоор сайжруулсан вакцин шаардлагатай болж, АстраЗенека вакцины эрэлт буурсан аж.
Цар тахлын оргил үеэр АстраЗенека вакцин олон сая хүний амийг аварсан ч ховор төрлийн цус бүлэгнэлт үүсгэсэн тохиолдол ч гарсныг ВВС агентлаг дурджээ.
Энэ оны гуравдугаар сараас АстраЗенека вакцинаа Европын зах зээлээс татаж эхэлсэн юм. Мөн энэ сарын 7-ны өдөр Европын эмийн агентлаг тус вакциныг цаашид хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл гаргасан байна.
АстраЗенекагийн гаргасан мэдэгдэлд “Бидний тооцооллоор дэлхий даяар цар тахлын эхний жилд 6.5 сая хүний амийг аварч, гурван тэрбум гаруй тунг улс орнуудад нийлүүлсэн” гэжээ.
Мөн цаашид өөрсдийн вакциныг үйлдвэрлэхгүй ч бусад компанитай хамтран ажиллаж, ковидыг зогсооход туслаж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Guardian