Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооноос УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбоотойгоор хэд хэдэн шаардлагыг АН-д, холбогдох уриалгыг бусад нам, эвсэлд хүргүүллээ.
Тэдний төлөөлөл: Манай улс ардчиллын тогтолцооны индексээр 13 байр, авлигын индексээр 18, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 38 байр ухарсан нөхцөл байдалтай байна. Эдгээр нь Монгол Улс ардчилсан тогтолцооноос ухарч, хагас дарангуйллын тогтолцоо руу шилжсэн болохыг нотоллоо.
Хүний эрхийг хангах хууль заалтууд хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Иймд АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны зүгээс Ардчилсан намд албан ёсны шаардлага тавьж, бусад намыг уриалсан мэдэгдэл гаргаж байна гэлээ. Тэд
- Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө Үндсэн хуулийг мөрдөж, сонгогчийн саналыг авахын тулд хууль зөрчихгүй байх,
- Намууд нэр дэвшигчийг дэмжигчдийн өмнө шударга, нээлттэй, шилэн, ил тод сонгон шалгаруулж, тэдэнтэй хариуцлагын гэрээ байгуулж, хариуцлага тооцдог байх,
- Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, нийтийн эрх ашгийн төлөө байж чаддаг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй, хүний эрхийг хамгаалагч хүмүүсийг нэр дэвшүүлэх гэсэн шаардлагыг тавьж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд Монгол улс төрд эмэгтэй Ерөнхий сайд, хурлын дарга, хотын дарга байгаагүй тул энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн квот, эрхэд халдахгүй, тэднийг дэмжих, мөнгө тарааж, бусдын нэр төрд халдах, гутаан доромжлохгүйгээр шударга өрсөлдөхийг уриалсан юм.