Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон томоохон фестиваль зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ.
“Тэнгэр тайлал” НҮТББ-ын тэргүүн, зайран У.Хосбаяр: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон “Тэнгэр тайлал” холбоо болон бөөгийн бусад холбоо хамтран “Тэнгэр” бөөгийн фестивалийг тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Уг фестивальд дэлхийн 28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод, галууд оролцоно. Мөн гадаад улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан, киноны баг ирж байна.
Монголын уламжлалт зан заншил болсон бөөг дэлхий нийтэд түгээх зорилготойгоор уг фестиваль хоёр дахь жилдээ болох гэж байна.
Өнгөрсөн жил Чингисийн хүрээд гадаадын 11 улсын бөө ирж, олон улсын түвшинд зохион байгуулагдсан бол энэ удаад 28 улсын бөө оролцож, дэлхийн хэмжээний болж байгаагаараа онцлогтой.
Бөөгийн зан заншил тэнгэр, газар, уул усаа шүтэх. Бөөгийн зан үйл шашинтай харшдаггүй.
“Тэнгэр” фестивалийн үеэр их нар, их гал, од эрхэс, лусын тахилга хийх, бөөгийн парад, туг сүлд залах ёслол болно гээд иргэдийг хүрэлцэн ирэхийг урилаа.
“Дагшин тэнгэр” бөөгийн төвийн тэргүүн, их удган Ц.Отгонсүрэн: Таван тив, зургаан далайгаас бөө удган, тэнгэр шүтлэгтнүүд Монгол оронд ирж, “Тэнгэр” фестивальд оролцохоор хүсэлтээ илгээсэнд баяртай байна. “Дагшин тэнгэр” төв дэлхийн амар амгалангийн тахилга хийнэ.
Хүй долоон худагт бөөгийн фестиваль болж байгаагаараа онцлог.
2024 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөөгийн фестивалийн нээлтэд НҮБ, ЮНЕСКО-гийн төлөөлөл оролцохоо илэрхийлсэн гэж мэдээлэв.