Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 61 гэрчийг дууджээ.
Ашигт малтмалын нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн тоо, мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр “Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын 14,876 зөвшөөрөл олгогдсон. Үүнээс 12,019 нь хайгуул, 2,858 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзсэн. “МАК” болон “Гацуурт” компани ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг.
Харин “Цайна инвэстмент монголиа” компани хамгийн их хайгуулын лиценз эзэмшиж байна.
Нэг компани хамаарал бүхий байгууллага болон охин компаниараа дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшиж болно. Тиймээс нэг компани хамаарал бүхий хуулийн этгээдээр дамжуулж хэдэн лиценз эзэмшиж буй тоог гаргасан.
“МАК” компани холбоо хамааралтай хараат гурван байгууллагаараа дамжуулж 14 лицензийг эзэмшиж байна. Тус компанитай холбоотой нийт 40 тусгай зөвшөөрлийн лиценз байна.
Тухайн компани дээр хамааралтай хувьцаа эзэмшигчийн мэдээллээр нь нэг иргэн хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшиж буйг боловсруулсан. Б.Нямтайшир 41, Б.Хулан 40, Н.Номтойбаяр 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Идэвхтэй байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 1,773 хуулийн этгээдийн хувьцааг нийт 2,941 хувь хүн байгууллага ямар нэгэн байдлаар эзэмшиж байна. Түүнээс 2,390 нь манай улсынх, 325 нь БНХАУ-ын иргэн байгаа юм.
Одоогоор идэвхтэй 79 стратегийн ордын зөвшөөрөл байгаагийн 10 нь хайгуулынх юм. Тус стратегийн ордыг эзэмшиж буй 32 хуулийн этгээдийн хувьцааг 59 хувь хүн, байгууллага эзэмшиж байна.
Тус 59 хувьцаа эзэмшигчийн 43 нь Монгол, тав нь БНХАУ-ын хувь хүн, байгууллага байгаа юм” хэмээн танилцуулав.