Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр талбай дээрээ Камбожийн багтай нөхөрсөг тоглолт тоглолт хийж, 2:1-ээр илүүрхлээ. Хоёр багийн эхний уулзалт өнгөрсөн долоо хоногт Камбожийн талбайд болоход эзэн орны баг 0:2-оор хожсон билээ.
Тэгвэл Улаанбаатарт болсон хоёр дахь тоглолтын эхний гоолыг зочин багийн довтлогч Са Ти 17 дахь минутад оруулсан бол хоёрдугаар хагасын 53 дахь минутад Н.Наранболд тооны харьцааг тэнцүүлж, 61 дэх минутад Г.Гантогтох хожлын гоолыг шигтгэснээр Монголын шигшээ багийн хувьд найман тоглолт дараалан гоолдоогүй, есөн тоглолт дараалан өрсөлдөгчөө хожоогүй анти амжилтад цэг тавилаа.
Манай шигшээ баг хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сарын 25-нд Гүржийн эсрэг нөхөрсөг тоглолтод эсрэг багийнхаа хаалгыг мялаасан бол 2022 оны зургаадугаар сарын 14-нд Йеменийг талбайдаа 2:0-ээр хожсоноос хойш өрсөлдөгчөө хожоогүй юм.
Энэхүү тоглолт нь Азийн аваргын урьдчилсан шатанд Зүүн Тимортой хийх чухал тоглолтын өмнө болж буй гэдгээрээ онцлог билээ.