Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь 2024.06.15-16-нд шилжих шөнө бусдын гарт амь насаа алдсан хэргийг АН-аас улстөрийн зорилгоор ашиглаж, “Сант сумын Засаг дарга нас барлаа”, “Эрх баригч намын иргэд, сонгогчдын уулзалтад очоогүйн төлөө амь насыг нь хохироолоо” хэмээн мэдэгдэх болсон.
Учир нь хэрэгт холбогдсон О нь тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабт шадар туслахаар бүртгүүлсэн байсан нь ийнхүү улстөрийн зорилгоор ашиглах сэжим болж, АН-аас шуурхайлан “Амьсгалж болохгүй байна” сэдэвт сонгуулийн үеийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Үүний үр дүнд МАН-ын Сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн l тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах улстөрийн шийдвэр гаргасан билээ.
Хамгийн гол нь хэргийн бодит үнэнг хэн ч сонирхохгүй гагцхүү улстөрийн өнцгөөс харж, асуудлыг гуйвуулж байгааг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хэлж байгаа юм. Тэрбээр хэргийн газарт байсан бөгөөд тухайн шөнө иргэн О нь Хужирт сумын АН-ын байрны гадна өөрийн хамаатан, худ ургийн холбоотой иргэн Б-тэй мэнд мэдэхээр очсоноор ахуйн хүрээний маргаан гарч, улмаар ноцолдож эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй иргэн Б нь О-гийн дээр гарч хоолойг нь боомилсон нөхцөл байдалтай харилцан зодоон болж, эцэст нь иргэн Б нас барсан байна.
Энэ хэргийн улмаас иргэн Б-ийн гурван хүүхэд өнчирч, иргэн О дөрвөн хүүхдээ үлдээгээд ял эдлэх болоод байгаа нь харамсалтай. Харин хэргийн бодит нөхцөл байдлыг тоохгүй улстөрийн замаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаад хэрэгт холбогдогч О-ийн гэр бүл харамсаж байгаагаа илэрхийлж байгаа юм.