ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр батлан хамгаалахын дөрвөн дэд сайдаа албан тушаалаас нь чөлөөлжээ.
Үүнтэй зэрэг Анна Цивилеваг дэд сайдын албан тушаалд томилох шийдвэр гаргасан байна.
Путиний чөлөөлсөн дэд сайд нар нь Николай Панков, Руслан Цаликов, Татяна Шевцова, Павел Попов нар байжээ.
Харин шинээр томилогдсон Цивилева нь Путиний ойрын хамаатан буюу үеэлийнх нь охин болохыг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Цивилевагаас гадна Путин өчигдөр сангийн дэд сайд Леонид Горнинийг батлан хамгаалахын тэргүүн дэд сайдаар, ерөнхий сайд асан Михаил Фрадковын хүү Павел Фрадков болон Олег Савельев нарыг дэд сайдаар томилжээ.
Путин өнгөрсөн сард батлан хамгаалах яамандаа халаа сэлгээ эхлүүлэхдээ хамгийн түрүүнд олон жил сайдаар ажилласан өөрийн шадар хүн Сергей Шойгуг чөлөөлж, оронд нь эдийн засагч Андрей Белоусовыг томилж байв.
Дараа нь батлан хамгаалах яамны хэд хэдэн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан юм.
Цивилеваг “Путиний ойрын хамаатан” гэсэн үндэслэлээр 2022 онд Их Британийн засгийн газар, Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж байжээ.
Тэрбээр өмнө нь томоохон нүүрсний компанийг удирдаж, бас Украинд байлдаж буй цэргүүдийн ар гэрийг тэтгэх засгийн газрын санг удирдаж байсан юм.
Цивилева одоо батлан хамгаалах яаманд цэргүүдийн нийгмийн асуудлыг хариуцах юм байна.
Эх сурвалж: Reuters