УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тусгаар тогтнолын ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь нас эрстсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Монгол хүний жудгийг баримталж сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоод байгаа.
Гэтэл Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч Д.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийн улс төрийн өчүүхэн зорилгодоо ашиглаж байна. Ийм ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Би энэ асуудлыг хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэдгээ мэдэгдэж байна.
Д.Ганбаатар, Л.Гантөмөр нартай хаа байгаа газар нь олон түмний нүдэн дээр нүүр тулан уулзахад бэлэн байна.
Нэр дэвшигчийг нас барсан, ял шийтгүүлсэн хоёрхон тохиолдолд эгүүлэн татах хуультай. Тиймээс намайг эгүүлэн татах асуудал яригдахгүй.
Би сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, өрсөлдөөд явна” гэлээ.