Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улсын ерөнхийлөгч өөртөө шинэ нисэх онгоц худалдаж авсан нь эдийн засгийн хямралын хүнд ачааг нуруундаа үүрч байгаа тус улсын ард иргэдийг бухимдуулаад байна.
Дөнгөж хоёр долоо хоногийн өмнө Нигери даяар амьжиргааны өртөг өсөж, ядуурал нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байжээ.
Өнгөрсөн онд сонгогдсон ерөнхийлөгч Бола Тинубу одоо 30 хувьд хүрээд буй инфляцыг бууруулах зорилгоор түлш шатахууны татаасыг цуцлах, засгийн газрын төсвийг танах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авсан юм.
Тэрбээр энэ оны нэгдүгээр сард засгийн газрын албан айлчлалын бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн тоог 60 хувиар танах шийдвэр зарлаж байжээ. Ингэхдээ өөрийн гадаад айлчлалын бүрэлдэхүүнийг бас цөөлсөн юм.
Гэтэл энэ долоо хоногийн Даваа гарагт тэр Франц улсад айлчлахдаа шинээр худалдаж авсан Airbus A330 нисэх онгоцоор ниссэн нь Нигерийн иргэдийн хувьд том сюрприз болжээ.
Нигерийн ерөнхийлөгч үүнээс өмнө таван агаарын хөлөгтэй байсан юм байна.
Шинэ онгоцыг ямар үнэ өртгөөр авснаа ерөнхийлөгчийн тамгын газар нууцалж байгаа аж.
Нигери улсын ерөнхийлөгч Бола Тинубу
“Тинубугийн удирдсан засгийн газар нигерчүүдэд эдийн засгийн хүндрэлийг тэсвэрлэж, маргааш амьдрал сайжрахыг хүлээхийг зөвлөж байхдаа ерөнхийлөгчийн агаарын флотын онгоцны тоог зургаа болгох гээд мөнгөө тоолж байсан гэж үү?” хэмээн нэг хүн сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ.
Шинэ онгоц авах зардал энэ оны засгийн газрын төсөвт тусгагдаагүй байгаа нь мөн олны анхаарлыг татаж байна.
Тинубугийн хэвлэлийн төлөөлөгч Байо Онануга шинэ онгоц авснаар харин ч мөнгө хэмнэж байгааг тайлбарлажээ.
“Зах зээлийн үнээс хамаагүй бага мөнгөөр шинэ онгоц худалдаж авсан нь хуучин онгоцны түлш шатахуун, засвар үйлчилгээнд жил бүр зарцуулдаг олон саяыг хэмнэж байгаа юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Нигерийн парламент 2024 оны улсын төсвөө шинэчилж, 28.7 их наяд найрагаас ($18 тэрбум) 35.06 их наяд найра болгон өсгөсөн юм.
Энэхүү нэмэлт төсөвт шинэ онгоц худалдаж авах зардал тусгагдаагүй байсан байна.
Эх сурвалж: BBC