Америкийн “Coca-Cola” компани Австриас 28 сая лонх ундаагаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.
Ундаануудад нь төмрийн үртэс байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Ундаа үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр, 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд хугацаа нь дуусах “Coke”, “Fanta”, “Sprite”, “MezzoMix” ундаануудыг эргүүлэн татах ажээ.
Хагас литрийн савлагаатай ундаануудад “үйлдвэрлэлийн техникийн алдааны улмаас маш хязгаарлагдмал хэмжээний” төмрийн үртэс агуулагдаж байж болзошгүйг гэж тус компани мэдэгджээ. Түүнчлэн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тул тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. “Coca-Cola” Австрийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд зөвхөн хагас литрийн савлагаатай ундаануудад л хамаатай ажээ. Хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг Австрийн хүнсний жижиглэн худалдааны цэгүүдэд буцаан өгч, худалдан авсан төлбөрийн баримт байхгүй тохиолдолд ч төлбөрөө буцаан авах боломжтой байна.
“Coca-Cola” ийм үйл явдалд болсонд харамсаж, хүндрэл чирэгдэл учруулсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Дээр дурдсан ундаанууд бүгд зарагдаагүй байгаа бөгөөд ихэнх нь компанийн байр эсвэл жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн агуулахад байж магадгүй гэдгийг мөн компанийн мэдэгдэлд дурджээ.
Венийн Зах зээлийн асуудал эрхэлсэн газрын 80 байцаагч ундаануудыг лангуун дээрээс эргүүлэн татах ажилд хяналт тавьж эхэлсэн гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Александр Хенгл хэлээд, энэ ажил ойрын хэдэн долоо хоногийн дотор дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.