УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Засгийн газрын өргөн барьсан төсвийг шүүмжилж эсэргүүцэж байгаа бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрээр “4-хөн сарын өмнө амлаж байсан төсвийн зардлын тухай мөрийн хөтөлбөрийн заалтууд:
МАН: 2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25% хүртэл болгож бууруулна.
АН: 5.1.3. Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танана.
ХҮН: 1.4.5. … төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална.
Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60% нэмэгдүүлж, ДНБ-ны 37.7% болгож нэмэгдүүлэхээр төсвийн төсөл оруулж ирсэн. Төсвийн урсгал зардал 2023 оноос 53% буюу 9 их наядаар нэмэгдэнэ. Үүнийг санхүүжүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд 31.9 их наяд төгрөг буюу 2023 оноос 49% илүү (10.5 их наяд) татвар, НДШ төлөхөөр тусгажээ.
Бараг бүх иргэд, аж ахуйн нэгжүүд нь зээлээс зээлийн хооронд, цалингаас цалингийн хооронд гундуухан явахад ийм өндөр төсвийн тэлэлт хийхийг яагаад ч дэмжихгүй.
Компаниудын НӨАТ-ын өр ковидын өмнөх үеээс 3.6 дахин нэмэгдэж 540 тэрбум төгрөг болсон, татварын алданги, хүү, торгууль 2023 оны байдлаар 3 жилийн дотор 3.5 дахин нэмэгдсэн байна.
Ийм хүнд үед төсвийг тэлж татвар төлөгчдийн ачааллыг нэмэхгүй байхыг, мөн дөрөвхөн сарын өмнө хэлсэн ярьснаасаа буцахгүй байхыг МАН 68, АН 42, ХҮН 8 гишүүддээ уриалж байна, сонгогч та бүхэн ч бас төсвийн зардлыг нэмэх хүсэлтийг гишүүддээ гаргахгүй байхыг уриалж байна.
Уг нь Засгийн газар энэ амлалтаа хэрэгжүүлбэл тулгамдсан маш олон асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулиар юу амласныг нь сонгогчдынхоо өмнөөс тууштай сануулж, шахах болноо” гэжээ.