Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ.
Энэ талаар 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэн “Түгжрэлийг шийдэх зорилгоор өнөөдрөөс нэг тогтоол албажиж байгаа. Тэр тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчид зайнаас буюу цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй энэ тогтоол албажиж, олон нийтэд мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өглөө. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар төрийн албан хаагчдыг долоон хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах, УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэх, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байсан юм.