БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн онц байдал зарласан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр “Манай Засгийн газар бүрэлдсэнээс хойш Үндэсний Ассемблей 22 удаа төрийн албан хаагчдын эсрэг импичментын санал гаргаж, 22 дахь парламент бүрэлдсэнээс хойш дахин 10 хүнийг импичментын үйл явцад оруулсан байна.
Энэ нь дэлхийн аль ч улсад тохиолдож байгаагүй төдийгүй БНСУ байгуулагдсанаас хойш огт үзэгдээгүй нөхцөл байдал юм.
Шүүгчдийг айлган сүрдүүлж, олон прокурорыг импичментод оруулан, шүүх эрх мэдлийг саатуулж байна. Мөн Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд, Харилцаа холбооны хорооны дарга, Үндэсний аудитын газрын дарга, Батлан хамгаалахын сайдыг импичментод оруулах оролдлого хийж, гүйцэтгэх засаглалыг ч мөн адил саатуулж байна.
Улсын төсвийг батлахдаа үндсэн үүрэг болох хар тамхи, нийгмийн аюулгүй байдлыг хангах зэрэгт шаардлагатай бүх төсвийг бүрэн хасаж, төрийн гол функцэд хохирол учруулж, улс орныг хар тамхины үүр, нийгмийн аюулгүй байдлын хямралд орууллаа.
Ардчилсан нам гамшгийн нөөц сангаас 1 их наяд воныг, хүүхэд асрах тэтгэмжээс 384 тэрбум воныг, залуучуудын ажлын байр, хий олборлох төсөл зэрэг 4.1 их наяд воныг хассан байна. Цаашлаад залуу цэргийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, хариуцлагатай үүргийн хөлсийг нэмэгдүүлэхийг хүртэл зогсоолоо.
Энэ нь төсвийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, улсын санхүүг доромжилж байгаа явдал юм. Энэ төрлийн хууль тогтоох дарангуйлал нь одоо төсвийн импичмент рүү хүртэл шилжлээ.
Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард түмний санаа зовнил улам нэмэгдэж байна. Энэ бол БНСУ-ын үндсэн хуулийн дэг журмыг эвдэж, хууль ёсоор байгуулсан төрийн байгууллагуудыг үймүүлэн, бослого өдөөх гэсэн илэрхий эсэргүүцлийн үйлдэл юм.
Ард түмний амьдралыг үл тоомсорлож, зөвхөн импичмент, тусгай мөрдөн байцаалт, сөрөг намын удирдагчийг хамгаалахаас өөр зүйлд анхаарлаа хандуулж байна. Одоогийн парламент гэмт этгээдүүдийн үүр болж, хууль тогтоох дарангуйллаар шүүх, гүйцэтгэх засаглалыг саатуулж, ардчилсан дэглэмийг унагахыг санаархаж байна.
Ардчиллын тулгуур болох ёстой парламент ардчилсан дэглэмийг нураах мангас болжээ.
Манай улс одоогийн нөхцөл байдалд хэзээ мөдгүй нуран унах аюулд тулгарч байна.
Эрхэм иргэд ээ, би БНСУ-ыг Хойд Солонгосын коммунист хүчний аюул заналаас хамгаалж, ард түмний эрх чөлөө, аз жаргалыг булаан авдаг эх орноос урвагчдыг устгаж, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд онц байдал зарлаж байна.
Энэхүү онц байдал нь улс орныг сэргээж, хамгаалах зорилготой юм.
Би эх орноо хямралд оруулсан эх орноос урвагчдыг хатуу шийтгэх болно. Энэ нь иргэдийн аюулгүй байдал, улс орны тогтвортой байдлыг хангах, ирээдүй хойч үедээ зөв төр улс үлдээх зайлшгүй арга хэмжээ юм.
Төрийн хэвийн үйл ажиллагааг аль болох хурдан сэргээхийн тулд би эдгээр эсэргүүцэгчдийг зайлуулна.
Онц байдал зарласнаар шударга иргэдэд тодорхой хэмжээний хүндрэл учирч болзошгүй ч, би эдгээр хүндрэлүүдийг аль болох багасгахад анхаарна.
Энэхүү арга хэмжээ нь улс орны тогтвортой байдлыг хангах зайлшгүй алхам бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт хүлээсэн үүргээ биелүүлэх талаар байр суурь өөрчлөгдөхгүй.
Би ард түмэндээ хандан чин сэтгэлээсээ уриалж байна. Би зөвхөн ард түмнийхээ төлөө зүтгэж, эх орноо хамгаалах болно. Надад итгэж дэмжээрэй” гэжээ.