АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятад улсуудын импортын бараанд татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн.
Тэрбээр энэ шийдвэрийнх нь улмаас америкчууд хэцүү байдалд орж магадгүй ч эцсийн дүндээ ашигтай, үр дүнтэй арга хэмжээ байх болно гэдгийг онцлов.
Шүүмжлэгчид Трампын төлөвлөгөө эдийн засгийн өсөлтийг удаашруулж, АНУ-д үнийн өсөлтийг өдөөж магадгүй гэж үзэж байна. Харин Трамп “Бид цаашид “тэнэг улс” байхаа болино” хэмээн цахим сүлжээндээ бичсэн юм.
Олон сая хүний аминд хүрч буй хууль бус фентанил мансууруулах бодисыг АНУ-д нэвтрүүлэх боломж олгож буй шалтгаанаар Канад, Мексик, Хятад улсуудын импортын татварыг нэмэх арга хэмжээ авсан хэмээн Цагаан ордноос тайлбарласан.
Энэ шийдвэр нь энэ сарын 1-нээс хэрэгжинэ хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл Канад, Мексик улсууд Трампын татварын бодлогын эсрэг хариу арга хэмжээнүүд авч эхлээд байна.
Тухайлбал Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “АНУ-ын шар айраг, дарс, гэр ахуй, спортын бараа зэрэг 106 тэрбум ам.долларын дүнтэй бараанд 25 хувийн татвар ногдуулж эхэлнэ” гэсэн.
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум даваа гарагт АНУ-ын импортын бараанд татвар ногдуулах төлөвлөгөөгөө танилцуулна гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters