Ерөнхийлөгчийн сонгуульд парламентат суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх эрхтэй. Энэ хуулийн заалтын дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин АН, ганц төлөөлөлтэй МАХН нэр дэвшигчдээ тодруулаад байна. Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг нягтлан шалгаж байгаа. Хуулийн хүрээнд энэ 7 хоногтоо Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт боломж байхгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ. Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, \”Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Эргэн сануулахад 3 өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах. Мөн дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж байлаа. Шүүхээс Н.Энхбаярт 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг.
Ийнхүү шүүхээс ял авсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд зөөвөрлөж байсны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа билээ. 2015 онд гарсан өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа билээ. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50+ гэж болно.
Х.Баттулга дэвших боломж байгаа ч бас дэвшүүлэхгүй байх шалтаг бий
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр болсон. 2004 оноос хойш улс төрд яваа. Тэр дундаа Зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт өөрийнхөө хүрээллийг бий болгосон нэгэн. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Х.Баттулга гэдэг хүн улс төрийг өөрийнхөө хүсэл сонирхлоор хөдөлгөж, бас үймүүлж байсан нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьдаг. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж түүнд бий юу?
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь Ардчилсан нам нээгээд өгчихлөө. Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвших байх гэсэн нийгмийн хүлээлт байсан ч Х.Баттулга чимээгүй отож сууж байгаад эцсийн мөчид гарч ирэн эрхээ өвөртөлчихөв. Х.Баттулгын замд саад болох хүндрэл нь шинэ төмөр зам төслийн хүрээнд үүсчихээд байгаа хэрэг. Авлигатай тэмцэх газарт шалгагдаад 2016 оны сүүлээр Прокурорт шилжсэн. Монголын төмөр зам ТӨХК болон Солонгосын \”Самсунг С&Т” компани хоорондын асуудал юм. Уг хэргийн хүрээнд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Мөн Солонгосын \”Самсунг С&Т” компаний захирал нарыг баривчилсан байдаг. Анх уг хэргийн үнийн дүнг 740 сая ам долларын гэж байсан. Үүнээс Чингис бондоос санхүүжүүлсэн 200 сая ам доллараар хийсэн ажил нь хэдхэн шороон овоолго гэсэн шүүмжлэл ч явсаар байгаа билээ. Бодит үнэн нь нэг км төмөр зам тавигдаагүй явдал юм. Энэ хэргийн хүрээнд УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших эрх өвөртлөөд байгаа Х.Баттулгыг сэжигтэнээр татсан. Энэ л түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь саад болох магадлалтай.
Монгол төрийн босго өндөр. Гэмт хэрэгт холбогдоод ял авсан ч тэр, гэмт хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байгаа нь ч тэр. Хэн хэн нь нэр цэвэр, сэтгэл дүүрэн төрийн албанд зүтгэх хэрэгтэй. Үүний тулд ялтайд тооцох хугацаагаа хэл амгүй дуусгах. Нөгөө нь сэжиглэгдээд, хардагдаад байгаа хэргээ үнэн мөнөөр нь шийдүүлчихээд хэлэх үгтэй цагтаа Монгол төрийн төлөөх өрсөлдөөнд ороод ирэх юм бол түмэн олны харах өнцөг, үнэлэх үнэлэмж нь өөр байх нь гарцаагүй. Төрийн тэргүүний суудалд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан хэн нэгэн суучихвал өнөөх хэргийнх нь үнэн мөнийг хэн тогтоох вэ? Тэр хүний нэр цэвэр байсан эсэхийг хэн баталгаажуулах вэ? Иймээс л Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн ямар нэгэн гэмт хэрэгт шалгагдаагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож ял авчихаад түүнийхээ ялын хугацааг дуусгаагүй байж болохгүй юм аа.
Иймээс л дээрх үндэслэлийн улмаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмүүдийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхдээ Шүүх, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагаас лавлагаа мэдээлэл авч байж үндэслэх болов уу. Ийм нөхцөлд МАХН болон АН-аас нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзах магадлал байгаа гэдгийг хууль хяналтынхан өгүүлж эхлээд байна.
www.ontslokh.mn