Юуны өмнө өндөгний талаар танд хэрэгтэй товчхон мэдээлэл хүргэе. Өндөг нь шар уураг, цагаан уураг, шохойлог хальс гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүний биед хэрэгтэй олон амин дэм эрдэс бодисуудыг агуулдаг билээ. Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх тос, 0,6% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй хэсэг бол шар нь бөгөөд үүнд уураг, өөх, нүүрс ус, эрдэс амин дэмээс гадна бас A, B, D, E амин дэм агуулагдана. Мэдрэлийн болон ураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг нь өндөг юм.
Харин илчлэг хувьд дундаж хэмжээтэй өндөг нь 76 килокалори агуулдаг. Өөрөөр хэлбэл 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцдэг. Өдөрт нэг өндөг хэрэглэснээр насанд хүрсэн эрэгтэй хүн өөрт шаардагдах энергийн буюу уураг эрдэс бодисын хэрэгцээний 3%, эмэгтэй хүн 4%-ийг, витамины хэрэгцээний 10-30%-ийг авах боломжтой төгс чанартай бүтээгдэхүүн юм.
Муудсан өндгийг мэдэх арга
• Мэдээж хамгийн түрүүнд хугацааг заавал харж аваарай. Хэрвээ он сар нь байхгүй бол худалдагчаас нь зөвшөөрлийн бичиг байгаа эсэхийг асуу.
Энэхүү бичгэн дээр хэзээ нийлүүлэгдсэн он сар өдөр нь байдаг юм. Гэр бүл болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө заавал лавлаарай.
• Тун энгийн шалгах нэгэн арга байна. 500гр усанд нэг халбага давс хийгээд өндгөө дотор нь тавь. Усан дотроо хөвж байвал сайн, өндөгний тань тал нь ил, тал нь усанд хөвж байвал дунд, тэр чигээрээ ил хөвж байвал огт хэрэглэж болохгүй. Хөргөгчинд олон хоносон өндгөө яасан бол гэж эргэлзэхийн оронд үүнийг хэрэгжүүлээд үзээрэй.