Ирма хар салхи дайрсны улмаас АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсад дөрвөн сая хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ. Тус улсын цаг уурчдын мэдээлснээр, хар салхийг хүчнээс нь хамаараад 1-5 зэрэгт хуваадаг бөгөөд Ирма хар салхины хүч одоо нэгдүгээр зэрэг болтлоо намжаад байна. Энэ хар салхи 192 км цаг хурдтайгаар тус муж улсыг дайран өнгөрчээ. Одоогоор 28 хүн амиа алдсан талаар мэдээлэв. Хүчтэй салхины улмаас барилгын өргөгч цамхгууд унаж, мод үндсээрээ булгарсан гэнэ. Мөн Миами хотын зам талбай бүхэлдээ усанд автаж 4.5 метр давсан өндөртэй далайн давлагаа дайран ирсэн байна.Өнөөдрийн байдлаар түр хоргодох 530 байранд 116 мянга гаруй хүн байна.