Умард Солонгос улс нарны зайгаар ажилладаг автобустай болжээ. Одоо ийм автобусууд Нампхо хотын гудамжаар явж эхэллээ.
Автобусны дээвэр дээр нарны энергиэр ажилладаг, тус бүр нь 100 ваттын 32 ширхэг зай буюу нарны хавтан байрлуулжээ. Тэдгээр зайг цахилгаан хуримтлуулах зориулалттай 50 конденсатор холбож, улмаар цахилгаан хөдөлгүүрийг хөдөлгөдөг.
Нарны зайгаар явдаг Умардын энэ автобус 40 км/ц хурдалдаг, 70-140 хүний багтаамжтай.
Манай Монголын Улаанбаатар шиг агаарын бохирдолтой хотод ийм л автобус тохирох мэт. Тэгээд ч жилийн 365 өдрийн 300 гаруйд нь манайх нарлаг, цэлмэг байдаг билээ. Бүр нарийвчилбал 320-330 хоног.
Умардад цахилгаан энергийн хомсдол үүсчээ, энэ нь ялангуяа автобус, троллейбуст их хамаатай. Тодруулбал, бензиний хомсдолоос болж автобус их зогсдог бол харин цахилгааны хомсдолоос болж троллейбус явах нь цөөрчээ. Одоо Умардын эрх баригчид нарны зайгаар явдаг тээврийн хэрэгслээр энэ асуудлаа шийдэхийг оролдож байна.
Дашрамд дурдахад, анхны ийм автобусыг Австралийн Аделаид хотод бүтээсэн. Дотоод шаталтын хөдөлгүүргүй тул дуу чимээгүй, мэдээж утаа тортог байхгүй зэрэг олон давуу талтай.
Мөн нарны зайтай автобус Туркийн Анкара хотод явдаг. Турк автобусны дээвэр дээр 36 нарны хавтан байрлуулсан ба 6-8 цаг ажилладаг. Автобус нэг удаад 90 км явдаг юм байна. Автобусны маршрутын дагуу цэнэглэх станцууд бий, тэнд нарны зайгаа хадгалдаг.
Камбож болон Испанид ч ийм автобус явдаг. Испанид 2012 оноос нарны зайгаар ажилладаг автобус явж эхэлжээ. Японы \”Sanyo\” компани харин хажуугийн аккумулятортой автобус үйлдвэрлэсэн. Энэ автобус наргүй үед 9 цаг явдаг.
Сонирхуулахад, Дубай хотод явдаг \”нарны автобусууд\” үнэндээ тус хотын бохирдлыг 78% бууруулдаг гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Түүнээс гадна орчин үед нарны зайгаар явдаг авто машин, онгоц хүртэл бүтээжээ. Нарны зайгаар ажилладаг \”Solar Impulse\” онгоц 15 цагийн турш Аризоноос Техас руу нисч, туршилтыг амжилттай давсан билээ. Харин \”Solar Impulse 2\” онгоц Номхон далайг туулан Америк, Атлантик, Өмнөд Европ гээд дэлхийг тойрон аялахаар явсан. Эцсийн цэг нь Абу-Даби. 5 сар аялах энэ аяллын хугацаанд \”нарны онгоц\” 35 мянган км туулах аж.
Сонирхуулахад, \”Solar Impulse 2\” онгоц яг жижиг машин шиг жинтэй, ердөө 2300 кг. Онгоцны далавч 72 метр, 17 мянган нарны зайтай, 140 км/цаг хурдалдаг аж.