Ирэх онд зэвсэгт хүчний салбартаа 1.11 их наяд юань буюу 175 тэрбум доллараар төсөвлөснөө Хятадын засгийн газар зарлалаа. Өнгөрсөн жилийн төсвөөс найман хувиар илүү батлагдсан уг төлөвлөгөөг Бээжин хотноо болсон парламентийн жилийн уулзалтын үеэр ийнхүү олон нийтэд мэдээлжээ. Ерөнхий сайд Ли Кишянь улс орныхоо эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь байлгахаар зорьж байгаа аж.
Түүнчлэн Үндэсний ард түмний их хурал нь ерөнхийлөгчийн хоёр удаа улиран сонгогдох эрхийг үгүйсгэж, Си Жинпинийг албан үүргээ хэвээр үргэлжлүүлэх боломжийг олгох талаар яригдаж байгаа юм. Ерөнхийлөгчийн албан хугацааг хэр удаан үргэлжлүүлэх нь маргаантай байгаа ч, тус шийдвэр нь Мао Цедун удирдагчаас хойших хамгийн хүчирхэг ерөнхийлөгчид тооцогдоод буй ноён Си Жинпиний байр суурийг бататгахыг зорьж байгаа гэж эх сурвалжууд тайлбарлажээ.
Даваа гаригт болсон энэхүү хурлаар ерөнхийлөгчийг хоёр удаа улиран сонгогдох хязгаарлалтыг халах тухай шийдвэрийг танхимд уншихад Хятадын мянга мянган хууль тогтоогчид алга ташин хүлээн авчээ. Санал хураах ажиллагаа нь энэ сарын 11-ний өдөр явагдах бөгөөд санал нэгтэйгээр батлагдана байх хэмээн эх сурвалжууд таамаглаж байна.
Үндэсний ардын түмний их хурал нь Коммунист намын гаргасан шийдвэрийг дэмждэг парламентийн гол хэсэг нь юм. Гурван мянга орчим хүн техникийн аргаар сонгогдон муж, дүүргээ төлөөлөн хуралд орцолцох ёстой байдаг ч бодит байдал дээр намаас нарийн сонгож шилж оролцуулдаг аж. Цугларалтыг аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд явуулдаг бөгөөд санал зөрдөг хүмүүсийг хурал болохоос өмнө нийслэл хотоос холдуулдаг юм байна.
Б.Болормаа