Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт Осака хотод эхэлнэ. Бөхчүүд эдгээр өдөр Осака хотод бэлтгэлээ базааж байгаа аж. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Кисэносат нарын зэрэг аварга барилдана. Хакүхо барууныг манлайлах бол Какүрюү М.Ананд зүүнийг тэргүүлнэ. Дээд зиндаанд манай хоёр аваргаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар хүч үзэх юм байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд 10 даваа авсан Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдаж байгаа бол тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира нэгээс барилдана.
Нэгдүгээр сарын тэмцээнд чихрийн шижин өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч жюүрёод барилдахаар болсон. Тэрүнофүжи цагтаа озэки цол хүртэж байсан юм. Түүнээс гадна энэ башёгийн олны анхааралд өртөж буй бөх бол Таканоива А.Баасандорж билээ. Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр болон нэгдүгээр сарын башёг өнжсөн. Тэгвэл энэ башёд тэрбээр жюүрёод барилдахаар болжээ. Эдгээр бөхчүүдээс гадна Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Таканова А.Баасандорж нар жюүрёод зодоглоно. Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдөр болно.