Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 12-ны 20 цагаас 03-р дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
2018 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.