“Дүнжингарав 2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын товлолгүйгээр зохион байгуулагдсан. Энэхүү уралдаанаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал дунд зохион байгуулсан нь тодорхой болоод байгаа билээ.
Дур мэдэн “Дүнжингарав 2018” уралдааныг зохион байгуулсан Монголын Морин Спорт Уяачдын Холбоо өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн цаг орой болсон учраас уралдааныг үргэлжлүүлэхгүй байх санал гаргасан ч уяач, унаач хүүхдүүдийн хүсэлтээр уралдааныг үргэлжлүүлсэн гэдгийг хэлсэн. Харин олон нийтэд тархаад буй тухайн цаг үеийн бичлэгээс үзвэл Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар л уралдааныг хойшлуулах санал гаргасан ч Засгийн газраас төлөөлсөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Соёолон мордоорой” гэж уралдааныг үргэлжлүүлэх сэдэл өгсөн байгаа нь бичлэгт үлджээ.